Утас : 70101660

“15 МИНУТЫН ХОТ” КОНЦЕПЦ ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ДОТОР ПАРИСЫГ ӨӨРЧИЛЖЭЭ

Админ
2025/05/12

Орчин үеийн хотуудын өмнө тулгамдаж буй хамгийн том сорилт бол хотжилт, тээврийн ачаалал, хүрээлэн буй орчны бохирдол, үйлчилгээний хүртээмж зэргээс үүдэлтэй амьдрах орчны чанар юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн “15 минутын хот” хэмээх шинэ үзэл баримтлал Парис хотоос эхлэн дэлхий дахинаа түгэн дэлгэрч байгаа билээ.

Парисын “15 минутын хот” (Ville du quart d’heure) бол орчин үеийн хот байгуулалтын шинэлэг, хүн төвтэй үзэл баримтлал бөгөөд 2020 оноос хойш тус хотод албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийтийн орон зай, амьдралын чанар, цаг хугацааны хүртээмж зэрэгт суурилсан ирээдүй рүү чиглэсэн хотын философи юм.

Карлос Морено (Carlos Moreno) Францын Сорбонны их сургуулийн профессор, Хотын инновац ба ухаалаг хотуудын зөвлөх бөгөөд "15 минутын хот" концепцийг боловсруулж, 2016 онд олон улсын түвшинд танилцуулсан.

Парис хотын дарга Анн Идальго (Anne Hidalgo) 2020 оны дахин сонгуульд “15 минутын хот” санаачилгыг гол уриа болгосон. Түүний баг Карлос Мореногийн үзэл санааг хотын хөгжлийн бодлогод нэвтрүүлж, дэд бүтэц, тээвэр, боловсрол, ногоон байгууламж, бусад нийтийн үйлчилгээний зохион байгуулалтыг энэхүү хүрээнд дахин төлөвлөж эхэлсэн.

Гол зарчим, зорилго:

  • Хотын хэмнэлийг машин биш хүний урсгалыг дагасан байдлаар төлөвлөх
  • Өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг 15 минутын дотор алхаж эсвэл дугуйгаар хүрэх боломжтой болгох
  • Автомашинд суурилсан хотын загварыг багасгаж, нийтийн орон зай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Олон төвт (polycentric) бүтэц бий болгох
  • Нийгмийн тэгш хүртээмж
  • Хотын уур амьсгалын дасан зохицох чадварыг сайжруулах

2024 оны байдлаарх хэрэгжилтийн явц

  • Парис хотод 450 гаруй гудамж автомашингүй болж, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 1,000 км-ийн дугуйн зам, амрах бүсүүд нэмж байгуулагдсан
  • “15 минутын хот” концепц нь Парисын хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, хэт төвлөрсөн загварыг задлах үндсэн стратеги болж чадсан
  • Иргэдийн амьдрах орчны чанар сайжирч, хөршийн оролцоо, орон нутгийн эдийн засаг идэвхжсэн
  • Энэхүү санаачилга COVID-19 цар тахлын дараа хотуудын сэргэлтэд бодит жишээ болон нөлөөлсөн

Карлос Морено хэлэхдээ,  энэхүү үзэл баримтлал зөвхөн  өөрийн эсвэл Парис хотын мэдлээс гарч дэлхийн олон зуун хотууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж олон улсад жишиг болж чадсан тухай дурдсан байдаг. 

Олон улсын нөлөө

“15 минутын хот” үзэл баримтлалыг дараах хотууд өөрсдийн нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн:

  • Милан – “Open Streets” санаачилга
  • Мельбурн – “20-minute neighbourhoods”
  • Портланд, Орегон – “Complete neighbourhoods”
  • Копенгаген, Богота, Сөул, Торонто зэрэг хотууд ч энэ чиглэлд шилжиж байна.

ОРЧУУЛСАН: Г.ЭНХГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ:  WWW.PARIS.FR 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна