Финлянд улс дулааны сүлжээ (district heating)-ний өндөр найдвартай, эрчим хүчний хэмнэлттэй загваруудын эх орон гэж олон улсад үнэлэгддэг. Гэвч сүүлийн арван жилд газар доорх шугамын хөгшрөлт, хөрсний хөдөлгөөн, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэн алдагдал нэмэгдэж, хотын эрчим хүчний системд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ нөхцөлд Финляндын эрчим хүчний компани Fortum, дижитал өгөгдлийн компани Advian хоёр хамтран шугам сүлжээний дулааны алдагдлыг хиймэл оюун ухаанаар (AI) оношлох систем хөгжүүлсний үр дүнд дулааны алдагдлыг 40 хүртэл хувиар бууруулсан нь Европын дулааны сүлжээний салбарын анхаарлыг татсан технологийн томоохон амжилт болсон.

Энэ AI систем нь дулаан түгээлтийн шугам сүлжээг тасралтгүй хянаж, алдагдлын эх үүсвэрийг уламжлалт аргуудаас хэд дахин хурдан илрүүлэх боломж бүрдүүлдэг. Уламжлалт хяналтын аргаар дулааны шугамын гэмтлийг илрүүлэхэд газар ухах, илрүүлэгч төхөөрөмж зөөх, цэг тус бүр дээр гараар хэмжилт авах шаардлагатай байсан бол хиймэл оюун ухаанд суурилсан шинэ систем нь термовизорын зураг, дроны дүрс, зарим хэсэгт сансрын дулааны зураг, мөн сүлжээний даралт ба урсгалын өгөгдлийг нэгтгэн алдагдлын магадлалыг бодит цагийн горимоор тооцдог болсныг Fortum албан ёсоор мэдээлжээ.
AI-ийн алгоритм нь шугамын гадаргууд хуримтлагдсан дулааны хэв шинж, хөрсний дулааны ялгааг хүнээс илүү нарийвчлалтай уншиж, цоорол үүсэх магадлалыг эрт үе шатанд илрүүлж чаддаг. Үүний үр дүнд томоохон алдагдал болж, газар ухах шаардлагатай байдал үүсэхээс өмнө, бага хэмжээний гэмтлийг илрүүлэн засварлах боломж бүрдсэн байна. Advian-ийн тайланд дурдсанаар энэ системийн хэрэглээ нь алдагдал илрүүлэх хурдыг хоёр дахин нэмэгдүүлж, Fortum-ын нийт засварын зардлыг жилд хэдэн сая еврогоор хэмнэсэн нь бодит хэмжилтээр баталгаажсан байна.

Финляндын дулааны систем дэх энэ технологийн хөгжлийн нэг чухал цэг нь Espoo Clean Heat хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Fortum дулааны үйлдвэрлэлээ бүрэн нүүрсэн халаалтаас татгалзаж, хаягдал дулаан, дулааны насос, сэргээгдэх эх үүсвэр, ухаалаг түгээлтийн систем зэрэг технологи нэвтрүүлж байгаа бөгөөд AI-ийн хяналтын систем нь энэ шилжилтийн үндсэн тулгуур болж өгч байна. Тухайлбал, Espoo хотод AI-д суурилсан хяналтын платформ нь дулаан түгээлтийн хэрэглээг эрэлт-нийнцэлд нийцүүлэн автомат тохиргоо хийх чадвартай бөгөөд системийн оновчлолыг улирал, цаг агаар, хэрэглээний оргил үе зэргээс хамааран хялбар удирддаг гэж Fortum мэдээлсэн.
AI ашигласан дулааны шугамын хяналт нь зөвхөн алдагдлыг илрүүлэх бус, мөн шугамын ашиглалтын хугацааг уртасгах, хотын дулааны хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх давхар үр нөлөөтэй болжээ. Финляндын техник технологийн их сургуулиудаас гаргасан 2024 оны судалгаагаар шугамын алдагдлыг эрт үе шатанд барих нь дэд бүтцийн насжилтыг 10 - 15 жилээр уртасгах боломжтой гэж дүгнэсэн байна. Мөн энэ технологи нь хөрсний гүнзгий хөлдөлт, хөрсний хөдөлгөөн ихтэй, улирлын температурын хэлбэлзэл өндөртэй бүс нутагт дулааны шугамын осол, тасалдлын эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг баталжээ.
Финляндын дулааны систем нь Европт хамгийн нягт, хамгийн өргөн хэрэглэгддэгт тооцогддог тул энэ AI системийн амжилт нь дулааны сүлжээ бүхий бүх хотуудад туршиж нэвтрүүлэх боломжийг нээсэн инновацийн жишээ болсон. Fortum-ын мэдэгдлээр хиймэл оюун ухаанд суурилсан leak detection систем нь хотын хэмжээнд дулааны алдагдлын мэдээлэл цуглуулах ажлыг бүрэн автоматжуулж, хүний хүчин зүйлээс хамаарах алдааг багасгаж, уулзвар бүрийг хянах шаардлагагүй болгосон байна. Ингэснээр дулаан түгээлтийн найдвартай байдал сайжирч, хэрэглэгчдийн түвшинд ч эрчим хүчний зарцуулалт тогтвортой, зардал буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа юм.

Энэхүү AI-д суурилсан шийдэл нь Финляндын хотуудыг “ухаалаг дулааны сүлжээ”-ний загвар руу бүрэн шилжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Шинэ технологи нь зөвхөн нэг удаагийн шинэчлэл бус, харин хотын дулаан хангамжийн системийг урт хугацаанд тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй, алдагдал багатай байлгах үндсэн суурь болж байгаа гэж Fortum дүгнэсэн.
Эх сурвалж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна