Утас : 70101660

Shanghai хотын дахин төлөвлөлт: Хурдацтай хөгжил ба их хэмжээний нүүлгэн шилжүүлэлтийн бодлого

Админ
2026/05/22

Сүүлийн хорин жилийн хугацаанд БНХАУ-ын Шанхай хот дэлхийн хамгийн хурдацтай шинэчлэгдсэн мегаполисуудын нэг болж өөрчлөгдсөн билээ. Нэгэн цагт хуучин нам давхар суурьшлын бүс давамгайлж байсан тус хот өнөөдөр санхүү, худалдаа, өндөр технологи, дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх хотуудын нэгт тооцогдож байна. Энэхүү өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүчин нь томоохон хэмжээний дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт, дэд бүтцийн шинэчлэлийн бодлого байв.

2000-аад оны эхэн үеэс Шанхай хотын төв болон бизнесийн чухал бүсүүдэд хуучин суурьшлын хорооллуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлжээ. Ялангуяа “lilong” хэмээн нэрлэгддэг уламжлалт хорооллуудыг буулган оронд нь орчин үеийн өндөр барилга, оффисын цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, метроны шугам, шинэ орон сууцны хорооллуудыг байгуулж эхэлсэн байна. Хот байгуулалтын судалгаануудад дурдсанаар зарим төслийн хүрээнд хэдхэн долоо хоногийн дотор олон мянган өрхийг нүүлгэн шилжүүлсэн тохиолдлууд гарч байсан нь дэлхийн хот шинэчлэлийн хамгийн өндөр хурдтай жишээнүүдийн нэгт тооцогддог.

Тухайн үед хотын захиргаа болон хөгжүүлэгчид оршин суугчдад нөхөн олговор санал болгож, шинэ орон сууцанд шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байв. Энэхүү дахин төлөвлөлтийн гол зорилго нь хуучирсан дэд бүтцийг шинэчлэх, хүн амын төвлөрлийг зохицуулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, Шанхай хотыг дэлхийн хэмжээний санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд чиглэжээ. 

Мөн Шанхай хотын redevelopment-ийн хамгийн их анхаарал татсан төслүүдийн нэг нь Expo 2010 үзэсгэлэнгийн өмнөх их хэмжээний нүүлгэн шилжүүлэлт байв. 2010 оны Дэлхийн экспод бэлтгэх хүрээнд үзэсгэлэнгийн бүсэд орсон хуучин үйлдвэрийн болон lilong хорооллуудыг богино хугацаанд чөлөөлөх ажиллагаа өрнөсөн бөгөөд олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр нийт 18 мянга гаруй өрх, 270 гаруй үйлдвэрийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ нь тухайн үеийн Хятадын хамгийн том хот шинэчлэлийн нэгт тооцогдож байв.

Судалгаануудад дурдсанаар зарим дүүрэгт айлуудыг маш богино хугацаанд гэрээ байгуулж нүүхийг шаардсан бөгөөд redevelopment-ийн хурдыг илэрхийлэхдээ “зарим блок, хорооллыг 10-15 хоногийн дотор бүрэн чөлөөлсөн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тухайн үед оршин суугчдын нэг хэсэг нь нөхөн олговор хангалтгүй, шинэ байр хотын төвөөс хэт хол, олон жилийн турш бүрэлдсэн хөршийн орчин задарсан талаар гомдол гаргаж байсан бол нөгөө хэсэг нь хуучин аюултай, дэд бүтэц муутай орчноос гарч шинэ орон сууцанд орох боломж бүрдсэн гэж үзэж байжээ.

Expo-гийн өмнөх redevelopment-ийн хүрээнд хуучин нам давхар хорооллуудыг буулгаж, оронд нь шинэ зам, метроны сүлжээ, үзэсгэлэнгийн байгууламж, бизнесийн бүсүүдийг байгуулсан байна. Хот судлаачид энэхүү төслийг төрийн төвлөрсөн төлөвлөлт, өндөр хурдтай нүүлгэн шилжүүлэлт, мегатөслийн өмнөх хот шинэчлэлийн хамгийн том жишээнүүдийн нэг гэж үздэг бөгөөд Шанхайн өнөөгийн өнгө төрх бүрэлдэхэд гол нөлөө үзүүлсэн кейсүүдийн нэг хэмээн тодорхойлдог.

Үүний үр дүнд өнөөдөр Шанхай хот дэлхийн хамгийн өргөн метроны сүлжээ бүхий хотуудын нэг болж, орчин үеийн өндөр барилгууд төвлөрсөн олон улсын бизнесийн төв болон хөгжсөн байна. Пудунгийн санхүүгийн дүүрэг, өндөр технологийн бүсүүд, орчин үеийн тээврийн зангилаанууд нь энэхүү бодлогын шууд үр дүн гэж судлаачид үздэг.

Гэвч энэхүү хурдацтай хөгжил нь нийгмийн болон хот байгуулалтын олон асуудлыг мөн дагуулжээ. Судлаачдын үзэж буйгаар хуучин lilong хорооллууд нь зөвхөн орон сууц бус, олон арван жилийн турш бүрэлдсэн нийтийн амьдралын орчин, соёлын өв, хөршийн харилцааг агуулж байсан тул дахин төлөвлөлтийн явцад хотын түүхэн өнгө төрх тодорхой хэмжээнд алдагдсан гэж үздэг. Мөн зарим оршин суугчид нөхөн олговор, шинэ орон сууцны байршил, амьжиргааны орчны өөрчлөлттэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлж байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.

Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар Шанхайн туршлага нь төрийн төвлөрсөн төлөвлөлт, дэд бүтцийн эрчимтэй хөрөнгө оруулалт, том хэмжээний нүүлгэн шилжүүлэлтийн бодлого нь хотын хөгжлийг богино хугацаанд эрчимжүүлэх боломжтойг харуулсан ч нөгөө талаас хотын шинэчлэл нь зөвхөн барилга байгууламжийн өөрчлөлт бус, тухайн орчны нийгмийн бүтэц, түүхэн дурсамж, иргэдийн амьдралын хэв маягтай салшгүй холбоотойг мөн тодорхой харуулсан кейс болсон гэж үздэг.

Өнөөдөр дэлхийн олон хот хүн амын өсөлт, хуучирсан дэд бүтэц, төвлөрлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ижил төрлийн дахин төлөвлөлтийн бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Шанхай хотын туршлага нь хот байгуулалтын хөгжлийн хамгийн том бөгөөд хамгийн их хэлэлцүүлэг дагуулсан жишээнүүдийн нэг хэвээр байна.

Бэтгэсэн: Б.Энхжин

Redevelopment, Displacement, Housing Conditions, and Residential Satisfaction: A Study of Shanghai - Si-Ming Li, Yu-Ling Song, 2009

Urban Redevelopment and Intra-City Migration of the Residents in the Lilong Housing District of Shanghai | CiNii Research

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна