Утас : 70101660

Хөгжил үү, өмчийн эрх үү: Дэлхийн хотуудын маргаантай кейсүүд

Админ
Өчигдөр 10 цаг 34 минут

Хотын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед газраа чөлөөлөхөөс татгалзан, олон нийтийн томоохон төслийг саатуулсан айл, байшингуудыг дэлхий нийтэд “Nail house” буюу “хадсан байшин” хэмээн нэрлэх болсон. Энэ нэр томьёо нь Хятадын “dingzihu” гэх үгнээс гаралтай бөгөөд “хадсан хадаас шиг сугарч өгөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг.

Ийм кейсүүд ихэвчлэн иргэд нөхөн олговрыг хангалтгүй гэж үзэх, өвлөж ирсэн гэр орон, амьдралын дурсамжаа алдахыг хүсэхгүй байх, эсвэл хөгжүүлэгчдийн шаардлагыг эсэргүүцэх зэргээс үүдэн бий болдог. Үүний улмаас зарим тохиолдолд бүхэл бүтэн авто зам, худалдааны төв, хотын шинэчлэлийн төслүүд хүртэл нэг айлын шийдвэрээс шалтгаалан удааширч, дэлхийн анхаарлыг татсан тохиолдлууд цөөнгүй гарч байжээ.

1.2007 онд БНХАУ-ын Chongqing хотын төв хэсэгт хуучин суурьшлын бүсийг буулган, орчин үеийн хотын шинэ цогцолбор байгуулах томоохон дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд худалдааны төв, оффис болон өндөр барилгууд бүхий шинэ бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 280 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хамгийн алдартай кейс нь Ян Ву, Ву Пин гэх гэр бүл худалдааны төвийн төслийн улмаас нүүхээс татгалзаж, байшин нь асар том ухсан нүхэн дунд ганцаараа үлдсэнээрээ дэлхийд алдаршсан. Барилгын компани цахилгаан, усыг нь тасалж, байшингийн эргэн тойронд 10 метрийн гүн нүх ухсан ч тэд хэдэн жил тэмцсэн байна.

Энэ хэрэг Хятадад өмчийн эрх, нөхөн олговор, хотын хөгжлийн талаар томоохон маргаан өрнүүлж, “nail house” гэх ойлголтыг дэлхий нийтэд таниулсан. Үүний дараа 2007 онд Хятадад хувийн өмчийг хамгаалах шинэ хууль батлагдаж, “нийтийн эрх ашиг”-аас бусад тохиолдолд газрыг албадан авахыг хязгаарлах болсон.

2. БНХАУ-ын Жэжян мужийн Вэньлин хотод шинэ төмөр замын буудал руу хүрэх гол авто зам барих ажил явагдаж байсан бөгөөд

  • зорилго нь шинэ тээврийн дэд бүтэц байгуулах,
  • төмөр замын буудалтай холбох авто зам барих,
  • үүний тулд хуучин суурьшлын бүсийг чөлөөлөх ажил байжээ.

2012 онд БНХАУ-ын Жэжян мужийн Вэньлин хотод дахин төлөвлөлтийн үеэр нэг айл газраа чөлөөлөхөөс татгалзсанаар авто замыг байшинг тойруулан барьсан нь дэлхий даяар шуугиан тарьсан.

Нугас үржүүлэгч Луо Баоген болон түүний эхнэр 1600 орчим өрхөөс нүүхээс татгалзсан цорын ганц айл болж үлджээ. Шинэ төмөр замын буудал руу чиглэх гол замын ажил бараг дууссан ч тэдний 5 давхар байшин замын яг голд ганцаараа үлдсэн байна.

Луо Баоген: “Бидэнд санал болгосон нөхөн олговор шударга биш” гэж мэдэгдсэн байна.

Тэрээр байшингаа 600 мянган юань буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 95 мянган ам.долларын өртгөөр барьсан ч эрх баригчид анх ердөө 220 мянган юань санал болгожээ. Дараа нь энэ дүнг 260 мянган юань болгон нэмэгдүүлсэн ч тэр эхэндээ зөвшөөрөөгүй.

Онцлог нь эрх баригчид байшинг хүчээр нураалгүй, замаа тойруулан барьсан явдал байв. Эцэст нь олон нийтийн анхаарал, хэлэлцээрийн дараа гэр бүл нөхөн олговрын шинэ санал хүлээн авч нүүсэн бөгөөд байшинг 2012 оны сүүлээр нураасан байна.

3. Америкийн Seattle хотод өндөр настай Эдит Мэйсфилд гэх эмэгтэй хөгжүүлэгчдийн олон сая долларын саналыг хүлээж авахгүйгээр гэрээ орхихоос татгалзсан нь дэлхийд алдартай “holdout house” кейс болсон.

2000-аад оны эхээр түүний байшингийн орчимд худалдаа, оффисын томоохон цогцолбор барихаар төлөвлөж, хөрш бүх байшинг худалдан авч эхэлжээ. Гэвч Эдит Мэйсфилд:“Энэ бол миний гэр” хэмээн хэлж, газраа зарахаас татгалзсан байна.

Хөгжүүлэгчид түүнд ойролцоогоор 1 сая ам.долларын санал тавьсан гэх мэдээлэл байдаг ч тэр зөвшөөрөөгүй. Үүний улмаас барилгын компани төслөө өөрчилж, түүний жижиг байшингийн эргэн тойронд том худалдааны барилга барьсан байна.

Энэ түүх олон нийтийн анхаарлыг татаж, жижигхэн байшин өндөр барилгуудын дунд ганцаараа үлдсэн зураг нь дэлхий даяар тарсан. Хожим хүмүүс энэ түүхийг Up кинотой адилтган ярьж эхэлсэн бөгөөд Pixar-ийн уран бүтээлчдэд санаа өгсөн байж магадгүй гэж үздэг.

Дэлхийн олон хот дахин төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцад ижил асуудалтай тулгарч иржээ. Зарим тохиолдолд ганц иргэн эсвэл цөөн айлын эсэргүүцлээс болж олон нийтийн зориулалттай томоохон төсөл удааширч, зам, худалдааны төв, хотын шинэчлэл хүртэл саатсан байдаг.

Гэхдээ эдгээр кейсүүдээс харахад өмчийн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтийн эрх ашиг, хотын хөгжлийн хэрэгцээг мөн тэнцвэртэй авч үзэх шаардлагатай байдаг. Ихэнх улс орон ийм маргааныг хүчээр бус, хэлэлцээр, шударга нөхөн олговор, хууль эрх зүйн зохицуулалтаар шийдэхийг зорьдог.

Хот хөгжин тэлэхийн хэрээр дахин төлөвлөлтөөс бүрэн зайлсхийх боломжгүй ч энэ үйл явц нь зөвхөн нэг иргэн бус нийт иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхолтой хамт авч үзэгдэх ёстойг олон улсын эдгээр жишээ харуулж байна.

Бэлтгэсэн: Б.Энхжин

Эх сурвалж: 

https://nailicy.com/article/what-a-nail-house

https://weburbanist.com/2014/12/31/holdout-houses-10-stubborn-structures-that-wont-make-way/

https://www.cbsnews.com/news/china-builds-road-right-around-nail-house-as-owner-luo-baogen-refuses-to-sell/

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна