Утас : 70101660

Cheonggyecheon Restoration Project: Автомашины хурдны замыг буулгаж, голоо сэргээсэн Сөүл хотын туршлага

Админ
15 цаг 50 минутын өмнө

XX зууны хоёрдугаар хагаст дэлхийн олон том хот автомашины хөдөлгөөнийг нэн тэргүүнд тавьсан хот байгуулалтын бодлого хэрэгжүүлж байв. Үүний үр дүнд хотын төвүүдээр олон эгнээ хурдны замууд баригдаж, гол мөрөн, ногоон байгууламж, явган хүний орон зай шахагдан үлдсэн байдаг. Харин 2000-аад оноос эхлэн зарим улс автомашин төвтэй хөгжлийн бодлогоос татгалзаж, хүний амьдрах орчинд суурилсан хот байгуулалтын шинэ загварыг эрэлхийлэх болсон бөгөөд энэ өөрчлөлтийн хамгийн алдартай жишээний нэг нь Өмнөд Солонгосын Seoul хотын Чонгечон голыг сэргээсэн төсөл юм.

Чонгечон гол нь анх Сөүл хотын төвөөр урсдаг байгалийн гол байсан ч 1950-1960-аад оны хурдацтай хотжилтын үед бохирдол, хүн амын төвлөрөл, автомашины хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан аажмаар бетон байгууламжаар бүрхэгдэж эхэлжээ. Улмаар 1970-аад онд голын дээгүүр олон эгнээтэй давхар хурдны зам барьсан байна. Тухайн үед энэхүү бүтээн байгуулалтыг эдийн засгийн өсөлт, орчин үеийн хөгжлийн бэлгэдэл гэж үзэж байсан бөгөөд Сөүл хотын автомашины урсгалыг зохицуулах чухал дэд бүтэц хэмээн үнэлж байв.

Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уг хурдны зам нь хотын орчинд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд 1990-ээд он гэхэд байгууламжийн бүтэц хуучирч муудахын зэрэгцээ замын түгжрэл буураагүй, агаарын бохирдол эрс нэмэгдсэн байна. Мөн хотын төвийн дулааны хэмжээ өсөж, нийтийн ногоон орон зай хумигдан, Чонгечон голын байгалийн экосистем бараг бүрэн устсан нь хот төлөвлөлтийн түвшинд анхаарал татах томоохон асуудал болж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор 2003 онд тухайн үеийн Сөүл хотын дарга Lee Myung-bak Чонгечон голыг сэргээх томоохон redevelopment төслийг эхлүүлсэн байна. Энэхүү төслийн хүрээнд хотын төвийн 5.8 км урт давхар хурдны замыг бүрэн буулгаж, доорх голын урсгалыг сэргээх, ногоон байгууламж, явган хүний бүс, нийтийн амралтын орчин байгуулах ажлыг эхлүүлжээ.

Төсөл хэрэгжих үед олон нийтийн дунд маргаан өрнөж байв. Ялангуяа замыг буулгаснаар:

  • түгжрэл улам нэмэгдэнэ,
  • хотын төвийн бизнесүүд орлогоо алдана,
  • автомашины урсгал саатна,
  • худалдаа үйлчилгээ доголдоно гэсэн шүүмжлэл хүчтэй гарч байсан талаар тухайн үеийн судалгаануудад дурдсан байдаг.

Гэсэн хэдий ч төсөл 2005 онд дууссаны дараа үр дүн нь олон улсын анхаарлыг татжээ. Судалгаагаар Чонгечон голын орчим дахь агаарын температур Сөүл хотын бусад төвийн бүсээс дунджаар 3-5 хэмээр буурсан байна. Мөн ногоон байгууламж нэмэгдэж, шувуу, загас, шавж зэрэг амьтдын төрөл эргэн сэргэсэн нь хотын экосистемийг дахин бий болгосон жишээ гэж үздэг.

Үүнээс гадна нийтийн орчны чанар эрс сайжирч, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэн байна. Өмнө нь автомашины хурдны зам байсан бүс өнөөдөр Сөүл хотын хамгийн идэвхтэй нийтийн орон зайн нэг болж өөрчлөгджээ. Чонгечон голыг сэргээсний дараа тухайн орчмын хотын орчин эрс өөрчлөгдөж, аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн зэрэгцээ жижиг бизнесүүдийн үйл ажиллагаа сэргэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн байна. Мөн автомашин төвтэй хөдөлгөөнөөс нийтийн тээвэр, явган зорчих хэлбэр рүү шилжилт нэмэгдэж, хотын төвийн нийтийн орон зайн ашиглалт илүү идэвхтэй болсон талаар судлаачид тэмдэглэсэн байдаг.

Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү төсөл нь “автомашин төвтэй хөгжлөөс хүн төвтэй хот байгуулалт руу шилжсэн” томоохон өөрчлөлтийн бэлгэдэл болсон байна. Түүнчлэн байгальд суурилсан шийдэл, ногоон дэд бүтэц, нийтийн орон зайг сэргээх бодлого нь томоохон мегаполисын төвд ч амжилттай хэрэгжиж болохыг харуулсан кейс гэж үнэлдэг.

Өнөөдөр Чонгечон гол нь зөвхөн аялал жуулчлалын бүс төдийгүй Сөүл хотын шинэчлэлийн бодлогын хамгийн том бэлгэдлийн нэг болсон бөгөөд дэлхийн олон улс энэхүү төслийг хотын төвийн redevelopment-ийн амжилттай загвар болгон судалсаар байна.

 

Эх сурвалж: Urban Design Case Study Archive

Re-Naturalization of Urban Waterways: The Case Study of Cheonggye Stream in Seoul, South Korea | ArchDaily

Бэлтгэсэн: Б.Энхжин 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна