Сөүл хотын төвийн газрын доорх ашиглагдаагүй орон зайг K-Culture Station болгон дахин төлөвлөсөн нь
Хотын төвд шинэ газар бий болгох амаргүй. Ялангуяа өндөр нягтаршилтай, газрын үнэ цэнэ өндөр хотод шинэ цэцэрлэг, талбай, соёлын төв байгуулахын тулд их хэмжээний газар чөлөөлөх шаардлагатай болдог. Харин Сөүл хот өөр шийдлийг сонгожээ. Газрын гадарга дээр шинээр барилга барихын оронд хотын яг төвд 40 гаруй жил ашиглагдаагүй байсан 335 метр урт газар доорх орон зайг дахин төлөвлөж, иргэдийн соёл, үзвэр, туршлагын шинэ төв болгосон байна.

Сөүл хотын төвийн талбайн доор, газрын гадаргаас ойролцоогоор 13 метрийн гүнд байрлах уг орон зай нь 9.5 метр өргөн, 335 метр урт, нийт 3,261 м² талбайтай юм. Энэ нь Солонгосын талбайн хэмжих нэгжээр ойролцоогоор 1,000 пён буюу 3,300 м² орчим хэмжээтэй томоохон далд орон зай бөгөөд Сөүл хотын метроны 2 дугаар шугам болон газар доорх худалдааны төвийн хооронд байрладаг.
Энэхүү орон зай яг ямар зориулалтаар баригдсан тухай бүрэн баримт өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Сөүл хотын мэдээллээр 1980-аад оны эхээр өндөр нь ялгаатай байсан Сичон буудал болон Ыльжиро-ипгу буудлыг холбох явцад бий болсон ашиглагдаагүй орон зай гэж үздэг. Газар доорх худалдааны төвийн доод хэсэг, метроны замын дээд хэсгийн хооронд үлдсэн уг зайг томоохон бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглалгүй, үндсэн хийц нь бараг өөрчлөгдөөгүй хэвээр хадгалж иржээ.
Ингэснээр Сөүл хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсийн нэг болох Сөүл хотын талбайн яг доор бетон хана, багана бүхий урт хонгил маягийн орон зай олон арван жилийн турш иргэдийн нүднээс далд оршсоор байв. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хамгийн үнэ цэнтэй газрын доорх хэсэг ямар нэгэн тогтмол зориулалтгүйгээр ашиглагдаагүй хэвээр байсан гэсэн үг.
Сөүл хот уг орон зайг шууд засварлан шинэ байгууламж болгоогүй. Харин эхний ээлжид иргэдэд үзүүлж, ямар боломжтой орон зай болохыг туршсан нь энэхүү төслийн онцлог юм.
2023 оны есдүгээр сард “Нуугдсан орон зай, цаг хугацаагаар аялах нь” нэртэй иргэдийн аяллын хөтөлбөр зохион байгуулж, 40 гаруй жил хаалттай байсан орон зайг анх удаа олон нийтэд нээжээ. Иргэд газар доорх 335 метр урт хонгилоор алхаж, тухайн орон зайн бүтэц, байршил, боломжийг биеэр мэдрэх боломжтой болсон байна.
Энэ үе шат нь зөвхөн аялал жуулчлалын арга хэмжээ байсангүй. Сөүл хот иргэдийн оролцоотойгоор “энэ орон зайг цаашид хэрхэн ашиглаж болох вэ?” гэдгийг судалсан байна. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтийг зөвхөн зураг төслөөс эхлүүлэх бус, бодит орон зайг иргэдэд мэдрүүлж, ашиглах боломжийг нь туршсаны дараа дараагийн шатанд шилжжээ.
2023 оны туршилтын дараа Сөүл хот орон зайг байнгын зориулалтаар ашиглахын тулд аюулгүй байдал, үйл ажиллагааны хэлбэр, хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг нарийвчлан судалжээ. Энд хамгийн чухал зарчим нь хуучин орон зайг бүхэлд нь нурааж шинэ барилга байгууламж бий болгох бус, байгаа бүтцийг нь аль болох хадгалж, шаардлагатай инженерийн дэд бүтцийг шинэчлэх явдал байв.
Тухайлбал, өмнө нь олон нийт тогтмол ашиглахад шаардлагатай хэмжээнд хүрээгүй байсан агааржуулалт, галын аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэх болон цахилгааны системүүдийг шинэчилж, иргэд тогтмол нэвтрэх боломжтой болгосон байна. Харин бетон хана, багана, урт хонгил хэлбэрийн үндсэн орон зайн онцлогийг аль болох хадгалжээ.
Ингэснээр 40 жилийн турш ашиглагдаагүй орон зайг шинээр барилга барихгүйгээр хотын дэд бүтцийн дахин ашиглалт буюу adaptive reuse-ийн зарчмаар шинэ зориулалтад шилжүүлсэн байна.
2026 оны наймдугаар сарын 24-нд уг орон зай албан ёсоор “K-Culture Station” нэртэйгээр нээгдэв. Энэ нь Сөүл хотын метроны ашиглагдаагүй орон зайг шинэ зориулалтаар ашиглах “Fun Station” төслийн нэг хэсэг юм.
Анхны үзэсгэлэнгээр BIGBANG хамтлагийн уран бүтээлийн 20 жилийн ойд зориулсан “COSMOS” медиа үзэсгэлэнг зохион байгуулж, 335 метрийн хонгилын бүтцийг ашиглан медиа арт, проекц, голограм, VR зэрэг технологи бүхий 11 туршлагын хэсгийг байгуулжээ.
Ингэснээр өмнө нь хүмүүсийн огт мэддэггүй байсан, ямар ч тогтмол зориулалтгүй бетон хонгил хотын төвд зориудаар очиж үзэх соёлын цэг болж өөрчлөгдөв.
Сөүл хотын энэ туршлага нь дахин төлөвлөлтийн нэг чухал санааг харуулж байна. Хот хөгжих тусам газар ховордож, шинэ бүтээн байгуулалтын зардал нэмэгддэг. Ийм үед зөвхөн “юу шинээр барих вэ?” гэж асуухын оронд “одоо байгаа ямар орон зай ашиглагдахгүй байна вэ?” гэдгийг тодорхойлох нь хотын хөгжлийн өөр нэг боломж болж чадна.
Сөүл хот цаашид метроны буудлуудын байршил, орон зайн онцлогт тохируулан амралт, спорт, соёлын чиглэл бүхий 12 хүртэлх “Fun Station”-ийг үе шаттайгаар бий болгохоор төлөвлөж байна.
Энэ нь нэг далд хонгилыг тохижуулсан төслөөс илүү өргөн утгатай. Хотын өдөр тутмын хөдөлгөөнд оролцдог метроны буудлыг зөвхөн “иргэдийг нэг газраас нөгөөд хүргэх дэд бүтэц” гэж харах бус, хүмүүсийг саатуулах, уулзуулах, соёлын үйлчилгээ үзүүлэх орон зай болгон хөгжүүлэх хандлага юм.
Эх сурвалж:
Бэлтгэсэн: Б.Энхжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна