Канад улс орон сууцны хомсдол, үнийн өсөлт, хуучирсан нийтийн орон сууцны шинэчлэлийн хоцрогдол зэрэг олон талт бэрхшээлтэй тулгарч байгаа үедээ уламжлалт төлөвлөлтийн аргачлал үр дүн муутай болж байгааг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 2023 - 2025 онд Канадын орон сууцны бодлогын гол төв байгууллага болох CMHC (Canada Mortgage and Housing Corporation) орон сууцны шинэчлэлийг оршин суугчид өөрсдөө удирдлага, шийдвэр гаргалтад оролцдог Community-Led Redevelopment хэмээх шинэ загварт эрчимтэй шилжиж эхэлсэн.
Энэхүү хандлага нь орон сууцны асуудлыг тухайн хот, дүүргийн иргэд хамгийн сайн мэддэг гэсэн үзэл дээр суурилдаг. Кампус, агентлаг, хөгжүүлэгчдийн хаалттай төлөвлөлтөөс татгалзаж, үүний оронд оршин суугчид өөрсдийн амьдрах орчны асуудал, хэрэгцээ, ирээдүйн хөгжлийн зорилгоо тодорхойлж, шинэчлэлийн төлөвлөлтийн багт шууд оролцдог бүтэц рүү шилжсэн нь тус улсын орон сууцны бодлогын чанарын шинэ түвшинг илэрхийлж байна.
2025 онд CMHC-ээс хэрэгжүүлсэн “Transforming Northern Housing Through Community-Led Solutions” төслийн хүрээнд Канадын хойд бүсүүдэд community-led загвар анх удаа үндэсний хэмжээний бодлогын хувилбар болж баталгаажсан. Хүнд нөхцөл, хэт өндөр барилгын өртөг, нийгмийн давхар асуудлуудтай бүс нутагт орон сууцны шинэчлэлийг зөвхөн төр, хөгжүүлэгч шийддэг биш, харин оршин суугчидтай хамтран төлөвлөх нь илүү үр дүнтэй болохыг судалгаанд цогц байдлаар баталсан. Иргэдийн санал, амьдралын хэв маяг, соёлын онцлог нь төлөвлөлтийн гол суурь болж, шинэ барилга болон сэргээн засварлах ажлын зураг төсөл шууд оршин суугчдын шийдвэрээр тодорхойлогдох болсон нь томоохон өөрчлөлт юм.

Community-led загвар нь зөвхөн төлөвлөлтийн хувьд шинэчлэл биш. Энэ нь Канадын хотуудын орон сууцны бодлогод илүү өргөн хүрээний нийгмийн оролцоог бий болгож, хороолол бүрийн иргэдэд амьдрах орчноо “эргүүлэн эзэмших” боломж олгосон гэж үздэг. 2023 онд BC Housing байгууллагаас гаргасан “Community-Led Revitalization of Social Housing” тайланд оршин суугчид төслийн гол шийдвэрүүдийн 60 хувьд оролцсон тохиолдолд шинэчлэлийн явц илүү найдвартай, хүндрэлийн шалтгаан бага, амьдрах орчны чанар тогтвортой сайжирч байгааг бүхэл дүүргийн хэмжээнд нотлон харуулсан байдаг.
2024 - 2028 онд хэрэгжиж эхэлсэн Канадын хамгийн том хамтын орон сууцны хөрөнгө оруулалтын бодлого болох Co-op Housing Development Program нь community-led загварын илрэл гэж хэлж болно. Хамтын орон сууц (co-op housing) нь оршин суугчид хамтран эзэмших, хамтран удирдах загвар тул шийдвэр гаргалт, засвар үйлчилгээ, санхүүгийн менежмент зэрэгт оршин суугчид гол үүрэгтэй ажилладаг. Энэ нь community-led redevelopment загварыг улсын хэмжээнд бэхжүүлэх бодлогын чухал тулгуур болжээ. Co-op хорооллуудын хувьд оршин суугчид байрны засвар, ногоон байгууламж, олон нийтийн үйлчилгээний төлөвлөлтөд шууд оролцдог тул шинэчлэлийн дараах амьдрах орчны чанар тогтвортой байж, төслийн дараа “буцаад муудах” эрсдэл мэдэгдэхүйц багассан нь судалгааны тайлангуудаар нотлогдсон.

2025 онд гарсан “Reclaiming Affordability: A Blueprint for Community-Led Housing Solutions” судалгаа нь community-led загварын бодит үр дүнг илүү тодорхой болгосон. Судалгаагаар community-led төсөлд оролцсон иргэдийн сэтгэл ханамж уламжлалт шинэчлэлтэй харьцуулахад илүү өндөр гарсан бөгөөд оршин суугчид өөрсдийн орон сууцны ирээдүйн хувь заяанд хяналттай болсон мэдрэмж нь төслийн зөрчил, эсэргүүцлийг эрс багасгаж байжээ. Түүнчлэн community-led загварын дагуу хэрэгжсэн төслүүдийн нийт хэрэгжилтийн хугацаа дунджаар 20 - 30 хувиар богиноссон нь төсөл боловсруулах үеийн маргаан, үл ойлголцлын хэмжээ багассантай шууд холбоотой байна.
Энэ загварын бас нэгэн чухал үр дүн нь оршин суугчдын нийгмийн идэвхжил. Төсөлд оролцох явцад иргэд хоорондын харилцаа бэхжиж, олон нийтийн орон зай сэргэсэн, оршин суугчдын аюулгүй байдал, харилцан итгэлцэл нэмэгдсэн тухай тоон бус боловч бодит баримттай дүн шинжилгээ олон бий. BC Housing-ийн тайланд community-led загвараар сэргээгдсэн хорооллуудад гэмт хэргийн түвшин буурч, хүүхэд ба өндөр настнуудад аюулгүй орчны мэдрэмж нэмэгдсэн тухай тэмдэглэсэн нь энэ загвар зөвхөн барилга шинэчилсэн төслийн үр дүн бус, нийгмийн орчны чанарын өөрчлөлт болохыг харуулдаг.

Community-led redevelopment-ийн үндсэн философи бол оршин суугчиддаа “амьдрах орчныг нь хамтран удирдах” эрх олгох явдал. Төлөвлөлтийн шийдвэрийг оршин суугчид илүү сайн мэддэг, амьдрах орчны хамгийн зөв шийдлийг иргэд өөрсдөө гаргаж чаддаг гэсэн зарчим энэ загварын суурь болжээ. Канадын судлаачдын үзсэнээр community-led загвар нь оршин суугчдын оролцоог дарамт бус харин “хамтын удирдлага” болгон хувиргаж, барилга + нийгмийн орчныг зэрэг хөгжүүлэх боломж бий болгож байгаа нь түүнийг XXI зууны орон сууцны бодлогын үүсэл болсон чухал загвар гэж тодорхойлох үндэслэл болж байна.
Эх сурвалж:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна