Утас : 70101660

Түүхэн барилгыг хадгалж, орчин үеийн хэрэгцээнд нийцүүлсэн жишээ: Хонг конгийн төв зах

Админ
2026/02/24

Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн бодлогод түүхэн барилга байгууламжийг нураах бус, үнэ цэнийг нь хадгалж, шинэ үүрэг зориулалтаар ашиглах хандлага дэлхийн олон хотод түгээмэл байна.

Энэ жишгийн нэг нь Hong Kong хотын төв хэсэгт байрлах Central Market юм. 1939 онд ашиглалтад орсон уг барилгыг хадгалан хамгаалж, соёл, худалдааны нээлттэй орон зай болгон шинэчилжээ. Ингэснээр түүхэн өвийг авч үлдэхийн зэрэгцээ иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нийцсэн амьд орчныг бүрдүүлсэн байна.

Төслийн товч мэдээлэл

Байршил: Хонг Конг, Central дүүрэг, Des Voeux Road Central 80

Ашиглалтад орсон: 1939 он

Архитектур: Bauhaus хэв маяг

Үнэлгээ: 3-р зэрэглэлийн түүхэн барилга

Анхны талбай: 4,153 м²

Сэргээн хөгжүүлсний дараах нийт талбай: 12,000 м²

Барилгын түүх

Central Market нь 19-р зууны сүүл үеэс эхлэлтэй. Анх энэ байршилд 1840-өөд онд задгай зах ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн Хонг Конгийн худалдааны гол төвүүдийн нэг байв. Хот тэлэхийн хэрээр захыг илүү зохион байгуулалттай болгох шаардлага үүсэж, 1858 онд анхны захын барилгыг барьсан байдаг.

Дараагийн хэдэн арван жилд барилга хэд хэдэн удаа шинэчлэгдсэн ч Дэлхийн II дайны дараа хотын хүн ам, худалдаа эрчимтэй өссөнтэй холбоотойгоор илүү том, орчин үеийн зах байгуулах хэрэгцээ гарчээ. Үүний үр дүнд 1939 онд өнөөгийн Central Market баригдаж, тухайн үедээ Хонг Конгийн хамгийн том, хамгийн орчин үеийн захуудын нэг болсон байна.

Барилга нь тухайн үеийн Европын нөлөө бүхий Bauhaus хэв маягаар төлөвлөгдөж, энгийн хэлбэр, нээлттэй зохион байгуулалт, байгалийн гэрэлтүүлэг сайтай шийдлээрээ онцлог байв. Энэ нь зөвхөн худалдаа хийх орчин биш, хотын өдөр тутмын амьдрал төвлөрдөг чухал зангилаа болж байжээ.

Харин 20-р зууны сүүл үеэс худалдааны хэлбэр өөрчлөгдөж, супермаркет, худалдааны төвүүд нэмэгдэхийн хэрээр уламжлалт захуудын үүрэг буурч эхэлсэн. Үүний улмаас Central Market-ийн үйл ажиллагаа аажмаар сулран, эцэст нь 2003 онд бүрэн хаагдсан.

Хаагдсаны дараа барилгыг нураах эсэх асуудал хөндөгдсөн ч түүхэн үнэ цэнийг нь харгалзан хадгалах шийдвэр гарсан. Ингэснээр энэ барилга зүгээр нэг хуучин зах биш, харин хотын хөгжлийн түүхийг илэрхийлэх дурсгалт байгууламжийн хувьд шинэ үүрэг гүйцэтгэх боломж нээгдсэн юм.

Төслийн тойм

2009 онд тухайн үеийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Donald Tsang бодлогын илтгэлдээ “Conserving Central” санаачилгыг дэвшүүлж, Төв захыг сэргээн ашиглах үүргийг Urban Renewal Authority (URA)-д өгсөн. Ингэснээр төсөл албан ёсоор эхэлсэн.

2009-2011 онд иргэдийн саналыг авах зорилгоор олон нийтийн өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж барилгын цаашдын ашиглалт, чиг үүргийн талаар байр суурийг нь сонсжээ.

2015 онд барилгын анхны хийц, өнгө төрхийг хадгалсан, илүү энгийн шийдэлтэй загварыг сонгосон. Төлөвлөгөөг 2016 оны 3 дугаар сард Town Planning Board баталж, мөн оны 11 дүгээр сард барилгын ерөнхий төлөвлөгөөг баталсан байна.

Сэргээн шинэчилсний дараах нийт талбай 12,000 м² орчим болж, соёл, худалдааны зориулалттай, олон нийтэд нээлттэй орчин бүрджээ. Барилгын дотор атриум болон Queen’s Road Central чиглэлд 1,000 м² орчим нээлттэй талбай гаргасан. Jubilee Street, Queen Victoria Street талын газрын давхрыг илүү нээлттэй болгож, орох гарах боломжийг сайжруулсан. Des Voeux Road Central руу харсан фасадыг сэргээн засварласнаар барилгын харагдах байдал илүү нээлттэй болсон байна.

2016 онд URA-ийн дэргэд тусгай хороо байгуулж, төслийн хэрэгжилт болон цаашдын ашиглалтыг хариуцуулсан.

2017 онд Засгийн газар уг талбайг 21 жилийн хугацаатайгаар URA-д эзэмшүүлж, сэргээн шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Барилгын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж, 2020 болон 2022 онд бүрэн дуусгасан. 2021 оны 8 дугаар сараас эхлэн Төв зах олон нийтэд нээлттэй ажиллаж байна.

Эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/...

https://www.ura.org.hk/en/proj...

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна