Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1 дүгээр байрны оршин суугчидтай дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд өнөөдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө болох холбогдох албаныхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга З.Буянт, төсөл хэрэгжүүлэгч компанийнхан оролцож, санал солилцсон юм.
Энэ үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Улаанбаатар хот дахь утааны эх үүсвэр болсон яндангийн тоог бууруулах, мөн ашиглалтын шаардлага хангахгүй хүнд нөхцөлд амьдарч буй иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм. Мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, хариуцлагажуулж, хянаж ажиллана. Дахин төлөвлөлтийн төслүүдийн хамгийн том хүндрэл нь оршин суугчдын дунд хувь хүний ашиг сонирхлыг нийтийн эрх ашгаас дээгүүрт тавих явдал. Тиймээс эв нэгдэлтэй, нэгдсэн шийдвэрт хүрч ажиллахыг уриалж байна” гэв.
Харин “Даацын цамхаг” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл авах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, баригдах орон сууцны технологийн шийдэл, хүчин чадал, төслийн график төлөвлөгөөг товч танилцуулав.
Тус төсөл 2025 оны наймдугаар сараас эхлэн 2027 оны наймдугаар сар хүртэл нийт 24 сарын хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна. Мөн оршин суугчидтай байгуулах гэрээний нөхцөл, нөхөн олговрын талаарх мэдээллийг өгч, иргэдийн асуултад хариуллаа.
Төслийн хүрээнд ирэх долоо хоногийн даваа гарагт “Даацын цамхаг” ХХК нь барилгын эскиз зураг болон байрны зохион тухайн байрны оршин суугчдын Хяналтын хороонд танилцуулахаар болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна