Утас : 70101660

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭР 14 ХОТЫГ ТӨЛӨВЛӨН ХӨГЖҮҮЛЖ, ДЭД ТӨВ БАЙГУУЛНА


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. 

Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад, хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн энэхүү төсөлд 32.2 мянган иргэн санал ирүүлж, 93 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, 14 яам, түүний харьяа байгууллагууд, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, санал зөвлөмжүүдийг тусган боловсруулсан.