Барилга, байгууламжийн салбар нь хот байгуулалт, дэд бүтэц, хүний амьдралын чанарт шууд нөлөөлдөг стратегийн чухал салбар юм. Энэхүү салбарт чанар, аюулгүй байдлыг хангах гол баталгаа нь олон улсын стандартуудыг мөрдөн хэрэгжүүлэх явдал билээ.
АНУ-д боловсруулагдсан ASTM, ASHRAE, AISC, SMACNA, TCNA, ACI зэрэг стандартууд нь өнөөдөр зөвхөн Америкийн дотоод зах зээлд бус, дэлхийн олон улс оронд өргөнөөр нэвтэрч, барилгын бүх шатны үйл явцыг нэгдсэн аргачлал, тодорхой шаардлагын дагуу зохион байгуулах боломжийг бүрдүүлж байна.
Өдөр бүр шинэ төслүүд хэрэгжиж буй энэ цаг үед стандартын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Эдгээр стандарт нь зөвхөн техникийн шаардлагаас гадна төслийн чанар, тогтвортой хөгжил, эрчим хүчний үр ашиг, байгаль орчны хамгаалал зэрэг олон талт зорилтыг агуулдаг бөгөөд барилгын төслүүдийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
ASTM стандарт – Барилгын материалд
ASTM (American Society for Testing and Materials) стандарт нь барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь төслийг чанартай, төсөвт хугацаанд дуусгахад тустай.
ASHRAE стандарт – Эрчим хүч ба тогтвортой хөгжил
ASHRAE (American Society of Heating, Refrigerating and Air-Conditioning Engineers) стандарт нь агааржуулалт, хөргөлтийн системийн загварт эрчим хүчний хэмнэлт, тогтвортой хөгжлийн зарчмыг онцлон тусгадаг. Эдгээр стандартуудыг мөрдөх нь эрчим хүчний хэрэглээг багасгаж, ашиглалтын зардлыг бууруулахын зэрэгцээ дотоод орчны агаарын чанарыг сайжруулдаг байна.
AISC стандарт – Ган бүтцийн бат бөх байдал
AISC (American Institute of Steel Construction) стандарт нь ган бүтцийн аюулгүй байдал, бат бөх байдлыг хангахад гол үүрэгтэй. Эдгээр стандартуудыг мөрдөх нь даацын чадварыг нэмэгдүүлж, материалын үр ашигтай хэрэглээг хангана. Мөн орчин үеийн технологитой хослуулснаар эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглэгчийн тав тухыг хангах барилгууд бий болгодог аж.
SMACNA стандарт – Агааржуулалтын системд
SMACNA (Sheet Metal and Air Conditioning Contractors' National Association) стандартууд нь агааржуулалтын системийн дизайн, гүйцэтгэлд чухал нөлөөтэй. Энэ нь агаарын урсгалыг оновчтой болгох замаар эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлдэг.
Сувгийн загвар, дизайныг шаардлагад нийцүүлэн гүйцэтгэснээр дуу чимээ багасгах, алдагдлыг бууруулах зэрэг олон үзүүлэлтэд нөлөөлдөг.
TCNA стандарт – Керамик, плита угсралт
TCNA (Tile Council of North America) стандартууд нь керамик болон плита угсралтын чанар, бат бөх байдлыг хангахад чиглэдэг.
Энэ нь материалын сонголтоос гадна суурь бэлтгэл, угсралтын зөв аргачлалыг тодорхойлдог. Ингэснээр чийгтэй орчинд (жишээ нь: угаалгын өрөө, гал тогоо) ус нэвтрэлтээс үүдэлтэй гэмтлийг багасгана.
ACI стандарт – Бетон чанарын удирдлага
ACI (American Concrete Institute) стандартууд нь бетоны бат бөх чанар, эдэлгээний хугацааг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.
Бетоны найрлага, үйлдвэрлэл, ашиглалт, чанарын хяналтын бүх үе шатыг тодорхой зааварчилж, хагарал, нэвчилт зэрэг асуудлыг багасгадаг.
Эдгээр стандартуудыг мөрдөх нь барилгын бат бөх байдал, хүмүүсийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой билээ.
Орчууулсан: Г.Энхгэрэл
Эх сурвалж:
https://onlinestandart.com/en/standards-used-in-construction-and-building-industry/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна