Утас : 70101660

СӨҮЛ ХОТ ХАМГИЙН СҮҮЛД ХӨГЖЛӨӨС ХОЦОРЧ ҮЛДСЭН ТОСГОНЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЖ ОРОН СУУЦНЫ ЦОГЦ ХОРООЛЛЫГ ТӨЛӨВЛӨЖЭЭ

Админ
21 цаг 56 минутын өмнө

Сөүл хот гэрэлтсэн их хот болон хөгжих явцад гол мөрний эрэг дагуу оршин суудаг орон нутгийн амьдралын түвшин доогуур иргэд хотын төвөөс алслагдсан бүсэд шахагдсан юм.

Цаг хугацааны явцад зөвшөөрөлгүй, эрсдэлтэй суурьшлууд устаж үгүй болсон ч ганцхан Гурён тосгон үлдсэн билээ.

Тэгвэл энэ оноос Сөүл хот дахь энэ сүүлийн хүнд нөхцөлтэй хорооллыг хэрхэн дахин төлөвлөх талаар судалж эхэлсэн байна.Өөрөөр хэлбэл, хотын хамгийн баян дүүргүүдийн нэг болох Гангнамын сүүдэр дор орших энэхүү тосгоны түүх, нийгмийн нөхцөл байдал болон дахин төлөвлөлтийн төлөвлөгөөг ойлгож, танин мэдэхийг зорьж байгаа аж.

Энэ тосгон 1988 онд Гангнам дүүргийн Гэпо-донгийн Гурён‑ын толгод дээр байгуулагдсан бөгөөд Сөүлийн баялаг бүсэд байрлах ба ойролцоогоор 260 000 кв.м талбай эзэлдэг. Ойролцоогоор 1100 айл өрх оршин суудаг. Харъяалагдах газар нутаггүй, орон гэргүй иргэд хоорондоо нийлж нээлттэй газарт түр байшин барьж ‘панджачон’ буюу албан бус сууринг бий болгосон. Эдгээр суурингууд нь ихэвчлэн чанар муутай материал хэрэглэсэн, Хан мөрний эрэг болон бусад газруудад тарсан байдаг.

Энэхүү тосгон нь 1980, 1986 оны Азийн наадам болон 1988 оны Олимпийн наадмын өмнөх хотын томоохон бүтээн байгуулалтын үеэр орон гэрээсээ хөөгдсөн хүмүүст зориулан байгуулагдсан гэж албан ёсоор тэмдэглэгджээ.

Магадгүй энэ нь Сөүл хотын хамгийн сүүлчийн ядуусын тосгон юм. Тэдний олонх нь өндөр настай, эмэгтэйчүүд бөгөөд амьдрах орчин нь ядуурал, аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний хомсдолтой байдаг.

Гурёнг тосгоныг дахин хөгжүүлэх төлөвлөгөө 2010 онд эхэлсэн бөгөөд 2024 оны 5-р сард Сөүл хотын засаг захиргаа шинэчлэгдсэн төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд 25 давхар орон сууцны барилга барьж, 3,520 өрхийг байрлуулах, ногоон байгууламж, сургуулийн байгууламж, эмнэлгийн үйлчилгээ зэрэг олон нийтийн байгууламжуудыг барих зорилт тавигдсан. Түүнчлэн, оршин суугчдад хямд түрээсийн орон сууц санал болгож байгаа бөгөөд 2023 оны 11-р сарын байдлаар нийт 1,107 өрхийн 736 нь түрээсийн байр руу шилжсэн байна. 

Гурёнг тосгон нь Сөүл хотын орон сууцны бодлогын түүхийг илэрхийлдэг бөгөөд хотын хөгжлийг бүх иргэдийн эрх ашгийг хүндэтгэн явуулахын чухлыг харуулж байна. Тосгоны дахин хөгжүүлэлт нь оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулах, хотын хөгжлийг тэгш байдлаар хангах зорилготой юм. Тосгоны үе шаттай нураалт 2025 оны дунд үеээс эхлэхээр төлөвлөгдсөн. Мөн 1989 оноос оршин сууж байгаагаа нотолж чадах оршин суугчдад орон сууц авах эрх олгох юм. Энэ бол ямарч өмчлөлгүй хүмүүст буулт хийсэн чухал шийдвэр байв.

Одоогоор төлөвлөгдсөн дахин төлөвлөлтийн улмаас Хотын захиргаа томоохон засвар шинэчлэл хийхийг хязгаарласнаар оршин суугчид түр зуурын засвар хийж амьдарсаар байна.

Дахин төлөвлөлтийн үйл явц анхны том саадтай тулгарсан нь хувийн хөрөнгө оруулагч 25 пёнгийн Гангнам орон сууц болон 100 сая вон нөхөн төлбөрийн санал тавьсантай холбоотой байв. Энэхүү санал нь оршин суугчдын дунд талцал үүсгэж, зарим нь хувийн төслийг дэмжиж байсан бол (2,700 орон сууцны нэг хэсгийг буюу 1,200-ыг тосгоны иргэдэд зориулсан) бусад нь нийтийн дахин хөгжүүлэлтийг илүүд үзсэн юм.

Эдгээр талцлыг шийдвэрлэх зорилгоор хотын захиргаа холбогдох талуудын дунд зохицуулалт хийх байнгын зөвлөх байгууллагыг байгуулжээ. Дахин төлөвлөх энэхүү төсөл одоогоор COVID-19 цар тахал, нөхөн төлбөрийн асуудал бүрэн шийдэгдээгүй, хотын удирдлагын тогтворгүй байдал зэргээс болж саатсан ч зөвлөлдөх, хэлэлцээрийн ажил  үргэлжилж байна.

Дахин төлөвлөлтийн төслийг 2029 он гэхэд бүрэн дуусгах төлөвтэй бөгөөд мастер төлөвлөгөөнд дараах зүйлс багтжээ.

  • Байгалийн уялдаа холбоо: Төслийн дизайн нь ойр орших Даемонсан, Гурёнсан уулстай уялдаа холбоог чухалчилсан
  • Нийгмийн дэд бүтэц: Төсөлд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, эрүүл мэндийн байгууламж, судалгаа шинжилгээний төвүүд болон боловсролын байгууллагууд багтана
  • Хүртээмжийг сайжруулах: Бүсийг тусгаарлаж байсан Янжаэ-даэро замыг эргэн төлөвлөн орчны хөршүүдтэй илүү сайн холбохоор зохион байгуулах
  • Шаардлагатай үйлчилгээ: Шинэ бага сургууль байгуулах болон орон сууцны дэд бүтцийг сайжруулах төлөвлөгөө орсон байна

Гурён тосгоны дахин хөгжлийн хамгийн чухал зорилго нь ойролцоогоор 3520 айлын орон сууцны хороолол болгон өөрчлөх явдал юм. Сөүл хот болон Сөүл хотын орон сууц, хот байгуулалтын корпораци (SH корпораци) нь 2029 онд төслийг бүрэн дуусгах зорилт тавин ажиллаж байна.

 Орчуулсан: Г.Мэндзаяа

Эх сурвалж:  https://www.geourbanism.com/20...

en.wikipedia.orglincolninst.edu

en.wikipedia.orgen.yna.co.kr

MK News

heraldk.com

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна