Утас : 70101660

ДЭЛХИЙН ХОТУУДЫН МЕГА ТӨСӨЛ: СИНГАПУРТ 800 ГА ОРЧИМ ШИНЭ ГАЗАР БИЙ БОЛГОНО

Админ
2026/10/02

Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор нийтийн тээвэр, авто зам, инженерийн дэд бүтэц, хот байгуулалт, эрчим хүч зэрэг чиглэлээр томоохон мега төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Дэлхийн томоохон хотууд ч мөн хүн амын өсөлт, түгжрэл, орон сууцны хэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хот төлөвлөлтийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд олон салбарыг хамарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ удаа дэлхийн хотуудын сонирхолтой шийдлээс Сингапурын “Long Island” төслийг онцолж байна.

Сингапур улс далайн түвшин нэмэгдэх, үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ хотын ирээдүйн хөгжлийн шинэ орон зай бий болгох зорилгоор “Long Island” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Сингапурын зүүн эргийн дагуу далайд ойролцоогоор 800 га хүртэлх шинэ газар нутаг бий болгох боломжийг судалж байгаа бөгөөд хэд хэдэн арал бий болгох хэлбэрээр төлөвлөж байна. Шинээр бий болох газар нь зөвхөн барилга байгууламж барих зориулалттай бус харин хотын усны нөөц, байгаль орчин, нийтийн эзэмшлийн талбай болон ирээдүйн хөгжлийн хэрэгцээг нэгэн зэрэг хангах зориулалттай.

Төслийн хэрэгжилт

“Long Island” төслийн хүрээнд одоогоор техникийн судалгаа, байгаль орчны үнэлгээ болон олон нийтийн оролцооны ажлууд үе шаттай үргэлжилж байна. 2026 оны IV улирлаас төслийн эхний бэлтгэл ажил эхэлж, ойролцоогоор 570 га талбайд далайн ёроолын бэлтгэл болон түр элсэн далан байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2029 оноос хойш нэмэлт 155 га талбайд бэлтгэл ажил үргэлжилнэ. Үүний дараа нарийвчилсан судалгаа, төлөвлөлтөд үндэслэн үндсэн газар дүүргэлт болон далайн хамгаалалт, усан сан, эргийн ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт төсөл бүрэн хэрэгжиж дуусах хүртэл хэдэн арван жил шаардагдахаар байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна