Сингапур улс барилгын салбарын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний хомсдлыг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор өөрөө удирдлагатай хүнд машин механизмын туршилтын төслийг эхлүүллээ.
Тус улсын аж үйлдвэрийн бүс, дэд бүтцийн хөгжүүлэгч JTC Corporation болон Японы барилгын томоохон компани Kajima Corporation хамтран 2026 оны есдүгээр сарын 17-нд Сингапурт анх удаа автомат удирдлагатай хүнд машин механизм ашиглах туршилтын төслийг зарласан байна.

Туршилтыг Jurong Innovation District-ийн Bulim Autonomous Yard нэртэй 10,000 м.кв орчим талбай бүхий тусгай орчинд зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд хоёр экскаватор, хоёр хөрс нягтруулагч индүүдэгчийг автомат удирдлагатай болгон туршиж байна.
Төслийн хүрээнд уламжлалт машин механизмыг шинээр солихын оронд одоо ашиглаж буй тоног төхөөрөмжид мэдрэгч, удирдлагын модуль, хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж суурилуулан автомат ажиллагаатай болгожээ. Тухайлбал, экскаваторуудад Швейцарын Gravis Robotics компанийн технологийг, хөрс нягтруулагч индүүдэгчид Японы Kajima компанийн A⁴CSEL автоматжуулсан барилгын системийг ашиглаж байна.
Машин механизмыг хэрхэн бие даан ажиллуулах вэ?
Туршилтын систем нь операторын өгсөн даалгавар, урьдчилан тогтоосон хөдөлгөөний бүс, мэдрэгчийн мэдээлэлд үндэслэн ажилладаг.

Үйл ажиллагааг дараах дарааллаар зохион байгуулж байна.
Машин механизм нь операторын урьдчилан өгсөн ажлын даалгавар, виртуал хил хязгаарын (Geofencing) тохиргоонд үндэслэн бие даан ажиллах бөгөөд мэдрэгч, LiDAR системийн тусламжтай хүн болон саад тотгорыг илрүүлнэ. Харин операторууд тусгай хяналтын өрөөнөөс машин механизмын ажиллагааг алсаас ажиглаж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгөөс оролцох боломжтой.

Туршилтын гол зорилтуудын нэг нь нэг оператороор хоёр машин механизмыг хянуулж, мэргэшсэн операторын хэрэгцээг 50 хүртэл хувиар бууруулах явдал юм. Мөн уламжлалт машин механизмтай харьцуулахад ажлын бүтээмжийг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Түүнчлэн төслийн дараагийн шатанд автомат удирдлагатай бульдозер болон өөрөө буулгагч автомашиныг нэмж туршихаар төлөвлөж байна. Ингэснээр хөрс ухах, тээвэрлэх, тараах, тэгшлэх, нягтруулах зэрэг газар шорооны ажлын үндсэн үе шатыг хоорондоо уялдсан автомат машин механизмын нэгдсэн системээр гүйцэтгэх боломжийг судлах юм.
Сингапурын JTC байгууллага ирэх таван жилийн хугацаанд 800 га-аас доошгүй талбайн газар шорооны ажил бүхий бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь автоматжуулсан технологи нэвтрүүлэх хэрэгцээг нэмэгдүүлж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд 2028 оноос Jurong Innovation District-ийн тохиромжтой бүтээн байгуулалтын төслүүдэд ашиглах боломжтой гэж мэдээлжээ.
Сингапур яагаад энэ технологийг нэвтрүүлж байна вэ?
Сингапурын барилгын салбарт ажиллах хүчний хомсдол, бүтээмж, барилгын ажлын хугацаа, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудал тулгарч байна. JTC-ийн мэдээлснээр тус байгууллагын ирэх таван жилийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд нийт 800 га-аас доошгүй талбайн газар шорооны ажил багтаж байгаа аж.
Мөн The Straits Times-ийн мэдээлснээр Сингапурын Барилга, бүтээн байгуулалтын газар (BCA) 2026 оны барилгын нийт эрэлтийг 53 тэрбум сингапур долларт хүрнэ гэж төсөөлсөн бөгөөд салбарын ажиллах хүчний хомсдол зарим мэргэжлийн чиглэлд 15 орчим хувьтай байгааг дурджээ. Түүнчлэн Сингапур улс 2025 оноос JTC-ийн барилгын тендерүүдэд бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор робот, автоматжуулалтын технологи ашиглах шаардлагыг тусгаж эхэлсэн байна. Иймээс энэхүү туршилт нь ганц удаагийн технологийн үзүүлэн биш, барилгын салбарын үйлдвэрлэлийн арга барилыг үе шаттай автоматжуулах бодлогын нэг хэсэг юм.
Энэхүү туршилт нь барилгын салбарт хүний оролцоог бүрэн халах бус, ажилчдыг хүнд машин механизмын хөдөлгөөний аюултай бүсээс хол байлгах, операторын ажлыг алсын хяналт, дижитал удирдлагад шилжүүлэх, хөдөлмөрийн бүтээмж болон аюулгүй байдлыг зэрэг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: JTC Corporation, The Straits Times, Japan External Trade Organization (JETRO), Tractors Singapore.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна