Утас : 70101660

​PROLOGIS, AMAZON болон META НҮҮРСТӨРӨГЧ БАГАТАЙ БЕТОНЫ АШИГЛАЛТЫГ ТЭЛЭХ ХАМТАРСАН САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ

Админ
2025/11/24

Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлснээр бетон, ялангуяа цементийн үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 8 хувийг дангаар бүрдүүлдэг бөгөөд энэ нь дэлхийн гурав дахь эсвэл дөрөв дэх том нийлүүлэгч улсын жилийн ялгаруулалттай дүйцэхүйц хэмжээ юм.

Иймээс бетоны томоохон хэрэглэгчид болох үл хөдлөх хөрөнгийн болон технологийн салбарын тэргүүлэх компаниуд нүүрстөрөгч багатай цементийн зах зээлийг өргөтгөх зорилгоор хамтран ажиллаж байна. Amazon, Meta, Prologis зэрэг компаниуд бусад байгууллагуудтай хамтран “Тогтвортой бетон худалдан авагчдын холбоо” (Sustainable Concrete Buyers Alliance)-г үүсгэн байгуулжээ. Энэхүү санаачилгыг RMI (хуучнаар Rocky Mountain Institute) болон Center for Green Market Activation зэрэг ашгийн бус байгууллагууд ахалж байна.

RMI-ийн цемент, бетоны багийн менежер Бен Скиннер: “Бид худалдан авагчдын хөрөнгө оруулалтыг бодит нийлүүлэлтийн гэрээнүүд рүү чиглүүлснээр цемент, бетоны үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж, зах зээлийн шилжилтийг хурдасгана” гэж хэллээ.

Холбоо нь нэгдсэн худалдан авалтын хүчээр нүүрстөрөгч багатай материалын тогтвортой эрэлт бий болгож, их хэмжээний хөрөнгө шаардсан технологийн шинэчлэл, нүүрстөрөгч бууруулах төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Prologis компанийн “Net Zero & Sustainability” захирал Кира Фэннинг: “Хүрээлэн буй орчныг нүүрстөрөгчгүйжүүлэхийн тулд нүүрстөрөгч багатай цемент, бетон зайлшгүй шаардлагатай. Энэ холбоо дараагийн үеийн шийдлүүдийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд тодорхой түлхэц болно” гэв.

Цементийн томоохон үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгох зорилготой боловч асар том үйлдвэрүүдээ шинэчилж, нүүрстөрөгчгүйжүүлэхэд өндөр өртөгтэй. Тэд бодит, тогтвортой эрэлт харагдахгүй бол ийм хөрөнгө оруулалтад орохгүй.

Нөгөө талд нь ялгарлаа бууруулах хүсэлтэй худалдан авагчдын эрэлт хангалтгүй гэсэн таамгаар үйлдвэрлэгчид үйлдвэрлэхгүй байгаа учир нүүрстөрөгч багатай цементийг олдоц муутай гэж үздэг. SCoBA нь энэ зөрүүг арилгаж, худалдан авагчдыг цэвэр үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох зорилготой.

Скиннер: “Бид худалдан авагчдыг нэгтгэснээр нийлүүлэлтийн зах зээлд бодитой нөлөөлөхүйц худалдан авалтын хүч бий болно. Энэ нь үйлдвэрлэгчдийг нүүрстөрөгч бууруулах технологид хөрөнгө оруулах үндэслэл болдог” гэв.

Эх сурвалж:

https://www.cnbc.com/2025/10/0...

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна