Японы Кантогийн бүсийн Токио хотоос хойш орших Чиба мужийн Кашива хотод хэрэгжиж буй “Kashiwa-no-ha Smart City” төсөл нь улс орны инноваци, тогтвортой хөгжлийн стратегийн нэгэн том цэг болон төлөвшиж байна. 115 км² нутаг дэвсгэр, 400 мянга гаруй оршин суугч бүхий Кашива хот нь уламжлалт үйлдвэрлэл болон их сургуулиудын төвлөрлөөрөө танигдсан боловч 2005 оноос хойш “ирээдүйн ухаалаг хот” болсон шинэ дүр төрхийг олж, бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх шийдлүүдийн нэг болжээ.
Төслийн бүтээн байгуулалтын бүс нь 273 га талбайг хамарсан томоохон хөгжлийн орон зай бөгөөд Tsukuba Express хурдны галт тэрэгний Kashiwa-no-ha Campus өртөө 2005 онд нээгдсэнээр ухаалаг хотын үндсэн суурь тавигдсан. Энэхүү өртөө нь Токиогоос 1 цаг хүрэхгүй аялалтай, байгалийн ногоон бүс, эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгааны кампусуудыг хамарсан онцгой байршилд оршдог.
2000-аад онд Япон улс хотжилтын шинэ загвар эрэлхийлж эхлэх үед Кашива бүс нь хэд хэдэн чухал асуудалтай тулгарч байв. Нэгдүгээрт, хотын төвлөрөл болон Кантогийн бүсэд хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж, ахмад настанд ээлтэй, эрүүл мэндийн хүртээмж сайтай орчин шаардлагатай болсон. Хоёрдугаарт, үйлдвэрлэл–шинжлэх ухаан–эрдэм шинжилгээний байгууллагуудын потенциал нэг дор төвлөрч байсан ч эдгээр салбарын хамтын ажиллагааг дэмжих зохион байгуулалт, хотжилтын нэгдсэн бодлого дутаж байв. Гуравдугаарт, Японы байгаль орчны бодлогын шинэчлэлийн хүрээнд эрчим хүчний үр ашигтай, тогтвортой хотын загвар боловсруулах шаардлага тулгарсан.

Үүнтэй уялдан 2003 - 2004 онд Чиба мужийн байгуулсан ажлын хэсэг “Kashiwa-no-ha Smart City”-ийн суурь болох гурван үндсэн сэдвийг тодорхойлсон. Үүнд:
Байгаль орчинтой зохицсон, зэрэгцэн орших хот байгуулалт,
Эрүүл амьдрал ба урт наслалтыг дэмжих орчин,
Шинэ үйлдвэрлэл, инновацийн төв бий болгох.
Эдгээр зорилт нь тухайн үед нээгдэх гэж байсан Tsukuba Express шугамын стратегийн ач холбогдолтой нийцэж, Кашива хотыг судалгаа, сургалт, инноваци, тогтвортой амьдралын интеграц бүхий “олон үүрэгт шинэ хот”-ын туршилтын талбар болгох үндэс болжээ.
Хөгжлийн ерөнхий концепц ба удирдлагын загвар
2006 онд байгуулагдсан UDCK — Urban Design Center Kashiwa-no-ha нь төслийн оюуны төв болон ажиллаж, боловсрол, эрдэм шинжилгээ, хувийн хэвшил, орон нутгийн захиргааны гурван талт түншлэлийн загварыг бүрдүүлсэн. 2008 онд Чиба муж, Кашива хот, Токио болон Чиба их сургуулиуд хамтран “International Campus Town Initiative”-г зарлаж, хотын хөгжлийн алсын харааг албан ёсоор баталгаажуулсан.
Энэ санаачилга нь Kashiwa-no-ha-г дэвшилтэт мэдлэг, шинжлэх ухаан, аж үйлдвэр, инновац, сургууль, амьдрах орчныг нэг дор уялдуулсан олон улсын академик хот болгон хөгжүүлэх зорилготой. Шинэ хотын хөгжлийн найман зорилт, 21 үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, байгаль орчин–эрүүл амьдрал–бүтээлч орон зай–харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттай эхлүүлжээ.
Төслийн эхний шат нь Kashiwa-no-ha Campus өртөөг тойрсон 13 га туршилтын бүсийг хөгжүүлэх явдал байв. Gate Square нь орон сууц, оффис, худалдаа, боловсрол, эрүүл мэндийн байгууламжийг нэгдсэн бүтэц болгон хөгжүүлж, хотын дэд бүтцийн төв цөм болон төлөвлөгдсөн.
2014 онд Gate Square албан ёсоор нээгдсэнээр Японд анх удаа бүрэн ажиллагаатай ухаалаг цахилгаан сүлжээ (smart grid) бүхий хотын хэсэг бүрдсэн. Энэхүү 127,000 м² бүхий туршилтын бүс нь 5,000 оршин суугч, 1,000 ажилтан, жилдээ 7 сая зочин хүлээн авдаг болж, төсөл цааш өргөжих суурийг тавьсан.

Хоёрдугаар шат нь ухаалаг хотын туршилтын бүсийг тойрч 3 сая м² орчим талбай руу үе шаттайгаар өргөжүүлэх зорилготой. Энэ шинэ бүсэд:
Төрийн манлайлалтай хиймэл оюун ухааны төв,
Дараагийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааны төв,
Инновац, стартапын хамтын ажиллагааны орчныг бий болгох шинэ төвүүд,
Их сургуулийн кампусуудтай уялдсан эрдэм шинжилгээний дүүргүүд байгуулагдаж байна.
2030 он гэхэд хотод 26,000 оршин суугч, 10,000 ажилтан, жилд 10 сая зочин хүлээн авах нэгдсэн систем бүрэн ажиллах төлөвтэй байгаа нь Kashiwa-no-ha-г Японы зүүн бүсийн эдийн засаг, инновац, эрүүл мэндийн томоохон кластер болгоно.
Сүүлийн жилүүдэд Kashiwa-no-ha Smart City нь Японы технологи - байгаль орчны хамгийн том туршилтын талбар болон өргөжиж байна.
2023 - 2025 онд:
SMC Corporation 85,000 м² бүхий дэлхийн хэмжээний R&D төвийг байгуулж, инженерийн судалгаа, робот, автоматжуулалтын инновацийг хөгжүүлэх төвүүдийг бий болгож байна.
Cellares компанийн эсийн эмчилгээ болон regenerative medicine-ийн Азийн төвийг 2027 онд байгуулах шийдвэр гаргасан нь Кашива хотыг био-медицин судалгааны бүс болгон бүрэн түлхэж байна.
CO-GROWTH, ZERO1000 Ventures зэрэг стартап - инновацийн хөтөлбөрүүд эхлэн ажиллаж, хотыг бизнесийн шинэ санааг турших, баталгаажуулах, нийгмийн асуудлыг технологиор шийдвэрлэх амьд платформ болгожээ.
“INNOVATION SHOWCASE” зэрэг олон улсын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, хотын хөгжлийг томоохон компаниуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбох ажил идэвхжсэн.
Эх сурвалж:
https://urbanland.uli.org/plan...
https://www.mlit.go.jp/common/...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна