Дэлхийн олон хот хуучирсан үйлдвэр, боомт, дэд бүтцийн бүсүүдээ хэрхэн шинэчилж, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болгон хувиргах вэ гэсэн сорилттой тулгардаг. Энэ асуудлыг хамгийн амжилттай шийдсэн жишээнүүдийн нэг нь Их Британийн нийслэл London хотын Canary Wharf юм.
Өнөөдөр тэнгэр баганадсан барилгууд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд төвлөрсөн энэхүү бүс нь Европын хамгийн чухал санхүүгийн төвүүдийн нэг болсон. Гэвч хэдхэн арван жилийн өмнө энд огт өөр дүр зураг байсан юм.XIX зуун болон XX зууны эхэн үед Лондон хотын зүүн хэсгийн Docklands бүс нь дэлхийн хамгийн том боомтуудын нэг байв. Их Британийн эзэнт гүрний худалдааны ихэнх урсгал энд төвлөрч, олон арван мянган хүн боомтын үйл ажиллагаанаас амьжиргаагаа залгуулдаг байжээ.

Гэвч 1960-1970-аад оноос дэлхийн тээврийн салбар контейнерийн шинэ технологид шилжиж эхэлснээр хуучин боомтууд өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн байна. Том оврын контейнер тээврийн хөлөг онгоцууд хуучин усан зогсоолд багтахгүй болсон тул боомтын үйл ажиллагаа аажмаар хотын төвөөс холдож, Docklands бүсийн эдийн засаг доройтож эхэлжээ.
1980-аад он гэхэд тус бүсэд олон мянган ажлын байр устаж, агуулах, үйлдвэрийн барилгууд эзгүйрч, орон нутгийн эдийн засаг бараг зогсонги байдалд орсон байна. Тухайн үеийн хэвлэлүүд Docklands-ийг Лондон хотын хамгийн доройтсон бүсүүдийн нэг хэмээн тодорхойлж байв.Үүссэн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Их Британийн Засгийн газар 1981 онд London Docklands Development Corporation байгууллагыг байгуулж, бүсийг бүхэлд нь дахин төлөвлөх бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн гол зорилго нь хуучин боомтын газрыг шинэ эдийн засгийн бүс болгон хөгжүүлэх явдал байв. Үүний тулд төрөөс дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.1988 онд Канадын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Olympia &York компани Canary Wharf төслийг эхлүүлснээр бүтээн байгуулалтын шинэ үе эхэлжээ. Тухайн үед олон хүн ийм том хэмжээний бизнесийн төв Лондонгийн уламжлалт санхүүгийн дүүргээс хол байрлах боломжгүй гэж үзэж байсан ч төсөл үргэлжилсэн байна.

1991 онд тухайн үеийн Их Британийн хамгийн өндөр барилга болох One Canada Square ашиглалтад орсноор Canary Wharf дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Удалгүй олон улсын банк, даатгал, хөрөнгө оруулалтын компаниуд тус бүс рүү нүүж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч төслийн замнал дардан байгаагүй. 1990-ээд оны эхэн үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр Olympia & York дампуурч, төслийн ирээдүй тодорхойгүй болсон юм. Гэвч төрөөс хэрэгжүүлсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ялангуяа тээврийн холбоосуудын хөгжил нь төслийг аварч чадсан гэж судлаачид үздэг.
Тухайлбал, Docklands Light Railway өргөжин хөгжиж, дараа нь Jubilee метроны шугам Canary Wharf хүрсэн нь бүсийн хүртээмжийг эрс сайжруулжээ. Үүний дараа хөрөнгө оруулалт эргэн нэмэгдэж, бүтээн байгуулалт хурдацтай өргөжсөн байна.

Өнөөдөр Canary Wharf нь 120 мянга гаруй ажлын байртай, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын төв болсон бизнесийн дүүрэг юм. Энд HSBC, Barclays, Morgan Stanley зэрэг олон улсын байгууллагууд байрладаг бөгөөд Лондон хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болжээ.

Хот төлөвлөлтийн судлаачид Canary Wharf-ийн туршлагыг дахин төлөвлөлтийн амжилттай загвар гэж үнэлдэг. Учир нь хуучин аж үйлдвэрийн бүсийг зөвхөн барилга байгууламжаар шинэчлээд зогсохгүй эдийн засгийн шинэ чиглэлтэй уялдуулан хөгжүүлж чадсан гэж үздэг. Нөгөө талаас энэхүү төсөл нь томоохон дахин төлөвлөлт зөвхөн барилга барих асуудал биш бөгөөд төрийн бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо, урт хугацааны төлөвлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохыг харуулсан жишээ болж үлджээ.
Өнөөдөр дэлхийн олон хот хуучирсан үйлдвэр, боомт, аж үйлдвэрийн бүсүүдээ шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд Canary Wharf-ийн туршлага нь зөв төлөвлөлт, тууштай бодлогын үр дүнд эзгүйрсэн бүсийг дэлхийн хэмжээний эдийн засгийн төв болгон өөрчилж болдгийг харуулсан хамгийн тод кейсүүдийн нэг хэвээр байна.
Эх сурвалж: Evolution of the London Docklands through to 1990
What Did Canary Wharf Look Like In The 1980s, Before The Skyscrapers? | Londonist
The History & Evolution of Canary Wharf | Crown Luxury Homes
Бэлтгэсэн: Б.Энхжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна