Утас : 70101660

Цөл дунд боссон ногоон хот: Масдар Сити тогтвортой хөгжлийн шинэ загвар болж чадсан уу?

Админ
2026/06/23

Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хомсдол, хотжилтын хурдацтай өсөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудын дунд ирээдүйн хот ямар байх ёстой вэ гэсэн асуулт улам бүр чухал болж байна. Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлт 60 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд хотууд зөвхөн эдийн засгийн хөгжлийн төв байхаас гадна тогтвортой хөгжлийн шийдлийг бий болгох гол талбар болжээ.

Энэхүү сорилтод хариу өгөх зорилгоор Нэгдсэн Арабын Эмират Улс 2000-аад оны дундуур дэлхийд урьд өмнө байгаагүй нэгэн төсөл эхлүүлсэн нь Масдар Сити юм. Абу Даби хотын ойролцоо цөлийн бүсэд байгуулагдсан энэхүү хот нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, ус болон эрчим хүчний хэрэглээг хэмнэх, явган болон нийтийн тээвэрт суурилсан амьдрах орчныг бүрдүүлэх зорилготойгоор төлөвлөгджээ.

Масдар Сити нь анхнаасаа зөвхөн шинэ хороолол биш, харин ирээдүйн хот байгуулалтын туршилтын талбар байхаар төсөөлөгдсөн байна. Төслийн гол үзэл баримтлал нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэгэн зэрэг хангах тогтвортой хот байгуулах явдал байв. Хотын төлөвлөлтөд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний өндөр үр ашигтай барилга байгууламж, усны хэрэглээг бууруулах технологи, ухаалаг тээврийн систем зэрэг шийдлүүдийг нэгтгэн ашигласан нь тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа.

Масдар Ситигийн хамгийн онцлох давуу талуудын нэг нь барилга байгууламжийн тогтвортой байдлын шийдэл юм. Хотын барилгуудыг Абу Дабигийн “Estidama” тогтвортой хөгжлийн стандартад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд эрчим хүч, усны хэрэглээг уламжлалт барилгуудтай харьцуулахад дор хаяж 40 хувиар бууруулах зорилт тавьжээ. Өнөөдөр Масдар Сити нь дэлхийн хамгийн том LEED Platinum зэрэглэлтэй барилгын цогцолборуудын нэгт тооцогддог.

Хотын төв хэсгийн төлөвлөлтөд уламжлалт араб архитектурын зарчмуудыг орчин үеийн технологитой хослуулсан нь онцгой ач холбогдолтой. Барилгуудын байрлал, гудамжны өргөн, сүүдрэвчийн шийдлүүдийг цөлийн салхийг ашиглан байгалийн агааржуулалт үүсгэхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр гадаах орчны температурыг ойролцоогоор 10 хэм хүртэл бууруулах боломжтой болсон байна.

Эрчим хүчний хувьд Масдар Сити сэргээгдэх эх үүсвэрт тулгуурласан хөгжлийн загварыг хэрэгжүүлжээ. Хотод байрлах 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц болон дээврийн нарны хавтангууд жил бүр 17,500 мегаватт цаг цахилгаан үйлдвэрлэж, 7,350 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж байна.

Тогтвортой хот байгуулалтын өөр нэг чухал хэсэг нь тээврийн шийдэл юм. Масдар Сити автомашины хэрэглээг багасгаж, явган зорчих, дугуй унах болон цахилгаан нийтийн тээврийг дэмжих бодлого баримталдаг. Хотод 2010 оноос эхлэн жолоочгүй цахилгаан тээврийн хэрэгсэл ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь дэлхийн анхны байнгын автономит зорчигч тээврийн сүлжээнүүдийн нэг болсон юм. Үүний дараа автомат шаттл автобус, цахилгаан автобус, цахилгаан скүүтер зэрэг олон төрлийн бага ялгаруулалттай тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

Масдар Сити зөвхөн дэд бүтцээрээ бус, эдийн засгийн экосистемээрээ ч онцлогтой. Өнөөдөр энд сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологи, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй компани байрлаж байгаа бөгөөд олон улсын судалгааны байгууллагууд, технологийн стартапууд, боловсролын байгууллагууд төвлөрсөн байна. Мөн тус хотод 1,300 орчим оршин суугч амьдарч, 4,000 гаруй хүн ажиллаж байгаа талаар Масдарын албан ёсны мэдээлэлд дурджээ.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн сонирхолтой санаачилгуудын нэг нь “Eco-Villa” буюу эко сууцны загвар юм. Энэхүү туршилтын орон сууц нь ижил хэмжээтэй уламжлалт байшинтай харьцуулахад 72 хувиар бага эрчим хүч, 35 хувиар бага ус хэрэглэдэг бөгөөд жил бүр ойролцоогоор 63 тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Түүнчлэн барилгын өртөг нь энгийн сууцтай ойролцоо байгаа нь тогтвортой хөгжлийн шийдэл заавал өндөр үнэтэй байх албагүйг харуулсан байна.

Гэсэн хэдий ч Масдар Ситигийн замнал дардан байгаагүй. Анхны танилцуулгын үед дэлхийн анхны бүрэн нүүрстөрөгчгүй хот байгуулна гэсэн зорилго дэвшүүлж байсан ч дэлхийн санхүүгийн хямрал болон эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төслийн цар хүрээ, хугацаанд тодорхой өөрчлөлтүүд орсон юм. Гэсэн ч төсөл бүрэн зогсоогүй бөгөөд бодит, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой тогтвортой хотын загвар руу хувьсан хөгжсөөр байна.

Өнөөдөр Масдар Сити нь ирээдүйн хотын төгс загвар болсон эсэх талаар санал зөрөлдөөн байсаар байгаа ч нэг зүйл тодорхой юм. Тус хот тогтвортой хөгжил, ногоон технологи, эрчим хүчний үр ашигтай барилга байгууламж, ухаалаг тээврийн системийг бодит орчинд туршиж, хэрэгжүүлэх боломжтойг харуулсан дэлхийн хэмжээний лаборатори болж чаджээ. Тиймээс Масдар Сити нь зөвхөн Арабын Нэгдсэн Эмират Улсын төдийгүй дэлхийн хот байгуулалтын салбарын ирээдүйг тодорхойлох хамгийн сонирхолтой туршилтуудын нэг хэвээр байна.

Эх сурвалж:  Masdar | Masdar City - A template for sustainable urban development

Бэлтгэсэн: Б.Энхжин

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна