Утас : 70101660

Автомашины замыг хотын цэцэрлэг болгосон кейс

Админ
Өчигдөр 16 цаг 41 минут

Хотын төвд автомашины зам улам өргөжихийн хэрээр явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан орон зай хумигдах нь түгээмэл. Харин БНХАУ-ын Ухань хотод үүнийг эсрэгээр нь шийдэж, автомашины хөдөлгөөн давамгайлж байсан нуурын эргийн орон зайг иргэдийн алхах, дугуй унах, байгальтай ойр байх боломжтой ногоон орчин болгон шинэчилжээ.

Ухань хотын Дунху нуурын эргэн тойронд хэрэгжүүлсэн East Lake Greenway төсөл нь хотын зам, нийтийн орон зайг шинэчлэн зохион байгуулсан томоохон жишээ юм. Төслийн эхний үе шат 2016 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 28.7 км урт ногоон зам 2016 оны арванхоёрдугаар сард иргэдэд нээлттэй болсон. Тус зам нь нуурын эрэг, ой мод, уулын бүс болон аялал жуулчлалын гол цэгүүдийг холбон, явган аялал, дугуйн хөдөлгөөн, амралт зугаалгын зориулалттай орон зайг нэг сүлжээнд нэгтгэсэн байна.

The government of Wuhan

Төслийг хэрэгжүүлэхээс өмнө Дунху орчмын замууд хотын доторх богино холболт болж, автомашины урсгал нэмэгдсэнээр агаар, дуу чимээ, тоосжилт болон хөрс, усны орчны бохирдол зэрэг асуудал үүсэж байжээ. Хотын захиргааны мэдээллээр тухайн үеийн зам нь төлөвлөгдсөн аялал жуулчлалын замын зориулалтаас давж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нэвтрүүлэх зам болон хувирсан байна.

先睹为快!东湖绿道三期放鹰台段率先开放_武汉_新闻中心_长江网_cjn.cn

Шийдэл нь замыг дан ганц өргөжүүлэх бус, хотын орон зайн зориулалтыг өөрчлөх байв. Автомашины хөдөлгөөнд зориулсан зарим замыг ногоон замын сүлжээнд нэгтгэж, явган зорчигч болон дугуйтай иргэдэд зориулсан тусгай орон зай бий болгосон. Ногоон зам ашиглалтад орсноор автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан хэсгүүдэд иргэд алхах, гүйх, дугуй унах боломжтой болж, нуурын эрэг дахин нийтийн орон зай болон хувирчээ.

Өнөөдөр Дунху ногоон зам нь зөвхөн нэг цэцэрлэгт хүрээлэн бус, нуурын эргэн тойронд байрлах байгалийн болон хотын орон зайг холбосон томоохон ногоон сүлжээ болсон байна. Ухань хотын мэдээллээр нийт ногоон замын урт 100 гаруй километрт хүрч, нуурын эргэн тойрон дахь аялал жуулчлалын цэгүүдийг хооронд нь холбожээ.

开放至今接待游客超6000万人次 东湖绿道蝶变 世界级环湖景区_黄建社_村民_服务

Төслийн нэг чухал онцлог нь автомашины замыг зүгээр хаагаад орхисонгүй, харин хөдөлгөөний зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилсөнд оршино. Замын орон зайг явган, дугуй болон автомашины хөдөлгөөнд зориулан тусгаарлаж, иргэдэд илүү аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлжээ. 2024 онд хэрэгжсэн гуравдугаар үе шатанд ч автомашины замыг хэвээр хадгалж, түүнтэй зэрэгцүүлэн 3.5 метр орчим өргөн дугуйн зам, 4 метр орчим явган зам байгуулж, гурван төрлийн хөдөлгөөнийг тусгаарласан байна.

东湖绿道:城市中的自然宝藏大探秘

Энэ өөрчлөлтийн үр нөлөөг зөвхөн замын орчинд төдийгүй иргэдийн өдөр тутмын амьдралд ажиглаж болно. Ногоон зам ашиглалтад орсны дараа ойролцоох хоёр километрийн радиуст амьдардаг иргэдийн долоо хоногт алхах хугацаа нэмэгдсэн талаар хийсэн судалгаанд дурдсан бөгөөд эмэгтэйчүүд болон нийгэм, эдийн засгийн боломж харьцангуй бага бүлгүүдийн алхалтын идэвхэд эерэг өөрчлөлт илүү ажиглагдсан байна.

Дунхугийн жишээ нь хотын шинэчлэл заавал шинэ газар дээр шинэ барилга байгуулахыг хэлдэггүйг харуулж байна. Зарим тохиолдолд хотод аль хэдийн байгаа зам, дэд бүтэц, байгалийн орчны зориулалтыг дахин тодорхойлох нь илүү үнэ цэнтэй өөрчлөлт авчирч чадна. Автомашины хөдөлгөөнд давамгайлж байсан орон зайг явган зорчигч, дугуйтай иргэд болон байгальд зориулснаар хотын иргэдийн ашиглах нийтийн орон зай нэмэгдэж, байгальтайгаа холбогдох боломж өргөжсөн байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна