Утас : 70101660

РОМ ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОН СУУЦ, НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

Админ
2026/11/12

Италийн Ром хотын захын Тор Белла Монака хороололд орон сууцны барилга байгууламжийн шинэчлэл, нийгмийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн орон зай, дэд бүтцийг хамарсан цогц дахин төлөвлөлтийн хөтөлбөр хэрэгжиж байна.

1970-аад оны сүүлээр 30,000 гаруй оршин суугч хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан тус хороололд олон жилийн ашиглалтын явцад барилгын чанар, нийтийн орчны хүртээмж, нийгмийн үйлчилгээний дутагдал зэрэг асуудал хуримтлагдсан тул Ром хотын захиргаа орон сууцны шинэчлэлийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ.

Нийт 137 сая еврогийн хөрөнгө оруулалттай уг хөтөлбөрт 1,267 орон сууц, 4,500 орчим оршин суугч хамрагдаж байна.

Төслийн хүрээнд хуучин орон сууцны барилгуудыг засварлан шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ орон сууц барихын зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбай, спортын байгууламж, ногоон байгууламж, явган болон дугуйн замыг цогцоор нь төлөвлөжээ.

Тухайлбал, R5 хэсгийн төв хашааны шинэчлэлийн хүрээнд 20 орон сууцыг засварлаж, 11 давхар шинэ барилгад 32 айлын орон сууц шинээр байгуулсан байна. Мөн нийгмийн спорт заал, иргэдэд зориулсан халамжийн үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагааны байр, хүүхдийн тоглоом болон спортын талбайг бий болгожээ.

Төслийн нэг чухал хэсэг нь орон сууцны барилгын доод давхар болон хашааны орон зайг нийгмийн үйлчилгээний зориулалтаар ашиглах явдал юм. Тухайлбал:

  • Орон нутгийн иргэдэд зориулсан нийгмийн спорт заал;
  • Sant'Egidio нийгэмлэгийн халамж, тусламжийн үйлчилгээ;
  • Олон нийтийн болон иргэдийн холбоодын үйл ажиллагааны байр;
  • Их сургуулийн судалгааны лаборатори;
  • Иргэдэд үйлчлэх шүдний эмнэлгийн үйлчилгээ;
  • Хүүхдийн тоглоом, спортын талбайг байгуулжээ.

Гудамж руу харсан доод давхрын талбайнуудыг иргэдэд үйлчлэх байгууллага, холбоодын үйл ажиллагаанд зориулан тохижуулсан байна.

Эдгээр үйлчилгээг Ром хотын захиргаа болон төрийн бус байгууллагуудын хамтарсан төлөвлөлт, санал солилцох үйл явцаар тодорхойлжээ. Ажил 2026 оны 6 дугаар сарын 30-нд дууссан боловч зарим үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг нээх, зохион байгуулах ажил үргэлжилж байгаа юм. Төслийн онцлог нь иргэдийг дахин төлөвлөлтийн үйл явцад оролцуулж, орон нутгийн төрийн бус байгууллага, их сургууль, хотын захиргааны хамтын ажиллагаанд тулгуурлан нийгмийн үйлчилгээний хэрэгцээг тодорхойлсон явдал юм.

2026 оны 11 дүгээр сарын 10-нд Ром хотын захирагч Роберто Гуалтиери R5 хэсгийн төв хашаа болон шинэчлэгдсэн орон сууцны барилгын нээлтэд оролцжээ.

Энэ үеэр дараах ажлууд дууссан болохыг албан ёсоор мэдээлсэн:
  • 20 орон сууцыг засварлан шинэчилсэн.
  • 32 айлын шинэ орон сууц бүхий 11 давхар цамхаг барьсан.
  • Төв хашааны нийтийн эзэмшлийн орчныг тохижуулсан.
  • Нийгмийн спорт заал, хүүхдийн тоглоом, спортын талбайг байгуулсан.
  • Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний зориулалттай талбайнуудыг бэлтгэсэн.

Харин хорооллын хойд болон өмнөд хэсгийн хашааны шинэчлэл, метро болон Тор Вергата руу чиглэсэн дугуйн, явган хүний замын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд дуусгахаар төлөвлөжээ.

Энэхүү туршлага нь хотын захын орон сууцны хорооллын асуудлыг зөвхөн барилгын засвар, шинэчлэлээр хязгаарлахгүйгээр нийгмийн үйлчилгээ, нийтийн орон зай, хөдөлгөөний хүртээмж, иргэдийн оролцоотой уялдуулан шийдвэрлэх боломжийг харуулж байна.

Эх сурвалж: Ром хотын захиргаа, OECD, Roma si Trasforma, ABDR архитектурын товчоо.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна