Улсын их дэлгүүрийн урд байрлах Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 65, 66, 67, 68, 77 дугаар орон сууцны барилгууд нь 1959-1960 онд ашиглалтад орсон бөгөөд МХГ-ын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 094/627 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон. Гэвч эдгээр барилгыг дахин төлөвлөлтөд хамруулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж одоогоор гараагүй байна.
Иймд 2026 оны 11-р сарын 18-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-аас оршин суугчдад дахин төлөвлөлтийн үйл явц, холбогдох хууль эрх зүйн орчин, цаашид хэрэгжүүлэх боломжийн талаар анхан шатны мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар компанийн Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн дахин төлөвлөлтийн үе шат, иргэн, төр, хувийн хэвшлийн гурван талт хамтын ажиллагааны зарчим болон компанийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар танилцуулж, оршин суугчдын санал хүсэлтийг сонсож сонирхсон асуултад хариулт өглөө.
Тэрбээр орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд хамруулахад оршин суугчдын санал, санаачилга, оролцоо нэн чухал болохыг онцолсон юм. Тодруулбал, тухайн барилгын сууц өмчлөгчдийн 80-аас доошгүй хувь нь дахин төлөвлөлтийг дэмжсэн тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах нөхцөл бүрдэж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны ажил эхлэх боломжтой. Саналын хувийг өмчлөгч иргэдийн тоонд үндэслэн тооцох бөгөөд нэг иргэн хэд хэдэн орон сууц өмчилдөг байсан ч нэг санал өгсөнд тооцогддог билээ.

Уулзалтын үеэр зарим оршин суугч өөрсдийн амьдарч буй барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар хангалтгүй гэсэн дүгнэлттэй болохыг мэдээгүй байсан нь иргэдэд мэдээлэл хүргэх, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байв.
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх үйл явц нь оршин суугчдын хүсэл, саналд үндэслэх бөгөөд иргэдийн зөвшөөрөл, дэмжлэггүйгээр албадан хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс орон сууцныхаа аюулгүй байдал, цаашдын нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл авч, дахин төлөвлөлтийн асуудлаар саналаа нэгтгэн, идэвхтэй оролцохыг оршин суугчдад уриалж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна